Одоо Дариа ирнэ...

Одоо Дариа ирнэ...
"...“Кинонд тоглосон охин” гээд л сургуульдаа бараг л “од” болоод байгаа юм биш үү (инээв). Гадуур явахад “Хүүе, энэ нөгөө кинонд тоглодог охин байна” гээд жив, жув ярина. Киноны сурталчилгааны самбарууд их сургуулиудын гудамжаар өлгөөтэй. Хаашаа ч харсан өөрийгөө хараад л...(инээв)..."

Зуны урт бас халуун, хаяахан сэвэлзүүр салхитай өдөр таарах энэ зуны нэгэн өдрийн төгсгөлд ажлын хамтрагчтайгаа аар саархан зүйлийг ярьсаар Улаанбаатар хотын төвд сүндэрлэх нэгэн өндөр цогцолборын ресторанд тухлан сууж байлаа. “Манай арван жилийн ангийнхан өнөөдөр энэ ресторанд уулзах юм. Чи тэднийг иртэл нь хамт сууж байгаач...” гэснээр би 17 жилийн дараа уулзалдах гэж буй нийслэлийн Хоёрдугаар сургуулийн арван жилийн нэгэн ангийнхныг хүлээж суугаа хүмүүсийн нэг болон хувирав.

"Догдолж байна уу" гэдэг асуултыг ангийхантайгаа уулзахаар хүлээн суугаа хамтрагчаасаа асуумаар байсан ч, 17 жилийн өмнөх 18 настай байхын найз, нөхдүүд нэгэнтэйгээ уулзах мөчид  баярлаж, догдлох нь нандин бөгөөд далдхан тул асуулт минь бүдүүлэг бөгөөд илүүц санагдав. Тэдний ангийн найзууд болох аав, ээж болсон охид, хөвгүүд нэг нэгээрээ орж ирэв. Бүгд хараахан цуглаагүй гэх тул би ч яаран явахыг завдал болгосонгүй. Учир нь уулзах мөч бүхэн харилцан адилгүй тул удаан уулзаагүй арван жилийн охид, хөвгүүдийн уулзалтыг харах амттай байлаа. “Одоо Дариа ирнэ. Ирнэ гэсэн. Одоо хаана явааг нь утасдаад асууя. Манай ангийн хамгийн онц сурдаг, бас хамгийн хөөрхөн охин нь байгаа юм. Цаатах чинь Guys хамтлагийнхны “Бидний найзын дурлал” киноны гол дүрд тоглож байсан шүү дээ” гэх зэргээр үл таних Дариа гэх бүсгүйн талаар ангийнх нь андууд ийнхүү ярьлаа.  Энэ ярианы араас нүдэнд дулаахан нэгэн бүсгүй инээмсэглэсээр орж ирсэн нь өнөөх Дариа буюу Ц.Дарьсүрэн аж. Дариатай танилцлаа.

Яагаад ч юм энэ мөчид түүнтэй ярилцага хийх, дотоод хүнийг нь нээх нууцхан хүсэл төрсөн учраас дараа нь цаг товлож, түүнээс ярилцлага авах хүсэлтэй байгаагаа илэрхийлснээр бид ийн ярилцлагын ширээний ард уулзсан юм.

Бидний яриа гэрэл цацруулсан түүний гэгээн дурсамжийг хөглөх нэгэн дууг түүнд сонсгосноор эхэллээ.

-Энэ дууг сонсоод танд юу бодогдож байна вэ?

-Энэ дуутай холбоотой кинонд тоглож байсан болохоор олон дурсамжууд санаанд орж ирж байна. Миний хувьд “Хайрын бүжиг” дууг хамгийн анх сонсож байсан сонсогчдын нэг л дээ. “Бидний найзын дурлал” киног хийж байх явцад “кинондоо зориулаад гоё дуу хийсэн” гээд GUYS хамтлагийнхан нэг өдөр хэлсэн. Тухайн үед киноны багийнхан нэг байранд байрлаж байсан юм. Тэгээд энэ дууг анх кино багийнхан сонсч байв. Анх сонсоход л их сайхан аялгуутай, гоё дуу санагдсан. Тэр цагаас хойш энэ дуу сэтгэлд минь тодхон үлдсэн байна. Одоо ч энэ дууг сонсохоор тухайн үеийн дурсамж сэргээд сайхан байдаг шүү. (инээв)

-КИНОНЫ СУРТАЛЧИЛГААНЫ ЗУРГУУД ИХ СУРГУУЛИУДЫН ГУДАМЖААР ӨЛГӨӨСТЭЙ, ХААШАА Ч ХАРСАН ӨӨРИЙГӨӨ ХАРААД Л...-

-“Бидний найзын дурлал” киноны гол дүр болох Энхмаагийн дүрд тоглож байхдаа тухайн үед та хэдэн настай байсан бэ?

-Энэ киноны зураг авалтыг 2000 онд хийгээд, 2001 онд дэлгэцнээ гаргаж байсан.Би тухайн үед 17 настай, ТИС-ийн лицейд сурдаг байсан. Ерөнхий боловсролын сургуулийн  төгсөх ангид байхдаа СУИС- ийн Кино драмын ангид орж, жүжигчин болох гээд явдаг байсан үе л дээ. “GUYS” хамтлагийнхныг дуулдаг хамтлаг гэж л мэддэг байсан болохоос жүжигчид, кино найруулагчид гэж хараахан мэддэггүй байлаа. Тэд тухайн үед их сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутнууд байсан юм.

-Тэр үед маш цөөхөн кино хийгдэж, дэлгэцэнд гардаг байсан шүү дээ. Харин өнөөдөр бараг өдөр бүр л шинэ кино мэндэлж, дэлгэцнээ гарч байна. Та энэ киноны гол дүрд тоглох болсон түүхээсээ хуваалцаач. Арван жилийн сурагч байхдаа тоглосон юм байна шүү дээ?

-“GUYS” хамтлагийнхныг кино хийх гээд кинонд тоглох охидыг пробонд оруулж байна гэсэн зарлал их сургуулиудаар тарсан байсан. Миний хувьд тэднийг зүс танина, тааралдахаараа мэндийн зөрүүтэй өнгөрдөг танилууд байсан л даа. Тэгсэн нэг өдөр манай найз охин ирээд ““GUYS”-ийхан кино хийх гээд шалгаруулалт явуулж байгаа юм байна. Хоёулаа хамт очиж шалгаруулалтад оръё” гэсэн. Тэгээд л би найз охинтойгоо шалгаруулалт явуулж байгаа газар нь очиж шалгуулсан. Гэхдээ тухайн үедээ өөрийгөө тэнцээд, кинонд тоглоно гэж огт бодоогүй л дээ. Зүгээр найзыгаа дагаж очоод л шалгуулчихсан /инээв/. Гэтэл дараа нь тэд над руу яриад “Чамайг нэг дүрд тоглуулахаар боллоо. Чи ирж кино зохиолтой танилцаарай..” гэсэн. Очоод кино зохиолыг нь уншлаа. Тэд намайг Энхмаагийн дүрээс өөр дүрд тоглуулахаар сонгосон байсан. Тэр дүр нь киноны гол дүр болох Чинзориг буюу Чухал гэдэг залууд “амьдрал үзүүлэх” гэж буй биеэ үнэлэгч маягийн бүсгүйн дүр байсан л даа. Чухалаагийн төрсөн өдрөөр нь найзууд нь түүнд сюрприз бариад нэг бүсгүйг дагуулж очдог юм. Тэр бүсгүйн дүрд би тоглох ёстой байсан. (инээв) Гэтэл миний сэтгэлд тэр дүр нь ерөөсөө бууж өгдөггүй. Гэхдээ тухайн үед “үгүй” гэж хэлээгүй л дээ. Харин гол дүрийн Энхмаагийн дүрд тоглох бүсгүйд СУИС-ийн жүжигчний ангийн нэгдүгээр курсийн оюутан охин тоглохоор сонгогдсон байсан. Гэтэл киноны зураг авалтын үйл явц нэлээд өрнөөд, миний тоглох дүрийн зураг авалт ч хараахан эхлээгүй, би ч тоглох эсэхдээ баттай хариу хэлээгүй явж байтал гэнэт Энхмаагийн дүрд тоглож байсан охинд ямар нэгэн асуудал гарсан уу, яасан гэнэт тоглохоо больсон байсан. Ингээд түүний оронд намайг “Энхмаагийн дүрд тоглооч” гэдэг саналыг тавьж, энэ кинонд тоглож байсан түүхтэй.

-Дурсамж яг л өчигдөрхөн болсон юм шиг эсвэл гэрэл зургийн цомог үзэж байгаа мэт тодхон үлддэг зүйл санагддаг. Танд энэ дуутай, тэр кинотой холбоотой олон дурсамж үлдсэн байх. Ялангуяа “Хайрын бүжиг” дуу тухайн үеийн залуусыг үнэхээр байлдан дагуулж байсан. Одоо ч энэ дуу хуучраагүй, охид, залуучуудын сонсох, дуулах дуртай дуунуудын нэг байсаар байна?

-“Бидний найзын дурлал” кино хийгдэж дуусаад дэлгэцэнд гарахгүй бараг нэг жил болсон. Бид киногоо хүлээгээд байдаг, гардаггүй шүү дээ. Тэгээд “Кино хэзээ гарах вэ” гээд нэг удаа асуухад “Дүрс бичлэгийн хуурцагаа алдчихсан” гэдэг юм байна. Тэгэхээр нь би “За, энэ кино ч бараг гарахгүй, худлаа боллоо доо” гэсэн бодолтой явж байлаа.

Гэтэл “Хайрын бүжиг” дуу киногоо дэлгэцэнд гарахаас өмнө олны хүртээл болж, хит болчихлоо. Тухайн үед залуус бүрийн аманд аялагддаг дуу болсон гэхэд хилсдэхгүй. Харин миний хувьд энэ дууг сонсох бүртээ жаахан сэтгэл дундуурхан “Энэ уг нь киноны л дуу байгаа юм” гэж боддог байлаа. Кинонд тоглосон жаахан охин киногоо гарахыг догдлон хүлээж байсан хэрэг л дээ.

Гэтэл нэг өдөр “GUYS”-ийхан яриад “Кино тэд дэх өдөр нээлтээ хийхээр боллоо. Соёлын төв өргөөнд тэдэн цагт ирээрэй” гэж дууддаг юм байна. Би ч хэлсэн цагт нь киноныхоо нээлтэд оролцохоор найзуудтайгаа хэрэндээ л гоёод очлоо. Гэтэл тэр өдрөө нээлт нь болсонгүй.

Дараа нь дахиад л киноны нээлт болно гээд урилга авчирч өглөө. Тэгэхээр би жаахан итгэл үнэмшил муутайхан “нээлт яг болох ч юм уу, үгүй ч юм уу” гэсэн юм бодоод нэг их ач холбогдол өгөөгүй, олон хүнд ч хэлэлгүй ганц хоёр найзтайгаа байгаагаараа яваад оччихлоо. Гэтэл тэр өдөр киноны маань нээлт жинхнээсээ болсон /инээв/ Тухайн үед Улаанбаатар хотод томоохон кинотеатрууд байгаагүй. Ялалтын талбай буюу хуучнаар Ленины музейд “Nomin cinema” гэх ганц кинотеатр л байсан. “УБ бэйкири” гэж ОХУ-ын ЭСЯ-ны баруун талд бэйкирины газар байлаа. Тэр үеийн залуусын ихээр цугладаг “од” газар байсан санагдана. Тэнд жижиг өрөөнд кино үздэг байсан. Ер нь л кинотеатр хотод бараг байгаагүй. Энэ хоёр кинотеатруудаар л “Бидний найзын дурлал”кино маань гарсан. Гэсэн ч тухайн үедээ кино маань “од” болсон. Эргэн тойрны хүмүүс “Кинонд тоглосон охин” гээд л сургуульдаа бараг л “од” болоод байгаа юм биш үү (инээв). Гадуур явахад “Хүүе, энэ нөгөө кинонд тоглодог охин байна” гээд жиг, жуг ярина. Киноны сурталчилгааны самбарууд их сургуулиудын гудамжаар өлгөөтэй. Хаашаа ч харсан өөрийгөө хараад л...(инээв)

 Одоо бол “хайрын бүжиг” дууг сонсохоор оюутан байсан он жилүүд, тэр дурсамжууд яг л өчигдөрхөн юм шиг, нээрээ л яг зураг шиг л нүдэнд харагддаг.

-Хайр, дурлалын захидал их авсан уу?

-Танилцах хүсэлтүүд их ирж байсан. Одоо ч тийм захидал хэрэглэдэггүй байх л даа. Танихгүй хүмүүс сургуулийн хаягаар, шуудангаар хүртэл захидал илгээдэг байлаа. Хэн нь мэдэгдэхгүй хүнээс хайрын захиа ирүүлдэг хэд хэдэн фэнүүдтэй байсан шүү... (инээв)

-Кинонд тоглосны дараагаар жүжигчин болох хүсэл танд төрсөн үү?

-Бодолгүй яах вэ. Хүүхэд байсан болохоор бодол нь тогтвортой биш байсан үе л дээ. Гэхдээ жүжигчин болох хүсэл төрж байсан ч, ээж минь эмч хүн. Би багаасаа эмч болно гэж ярьдаг хүүхэд байсан. Ээж минь намайг жаахан байхаас л бараг Монголын хамгийн анхны уламжлалт анагаах ухааны чиглэлийн хувийн эмнэлгийг байгуулалцан ажиллаж байсан. Миний хувьд ТИС-д нэг жил суралцаад л эмч болсон дээр юм байна гэж бодоод анагаахын сургуульд суралцсан.

-УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ ЧИГЛЭЛЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА-

-Эмчийн мэргэжлийг сонгоход ээжийн тань нөлөө хэр их байв?

-Бага байхаас л ээж минь намайг эмч болох ёстой гээд бодчихсон байсан. Анагаахын сургуульд суралцаж байгаад хоёрдугаар курсээсээ Хятад руу сурахаар явсан.

-БНХАУ бол том гүрэн. Энэ улсад хятад хэлийг судалж, тэр дундаа анагаахын чиглэлээр суралцана гэдэг амаргүй даваа байх?

-Анх очоод Бээжингийн Холбооны их сургуульд хэлний бэлтгэлд орж байсан. Ингээд Бээжингийн Хятад эм, эмнэлэгийн сургуульд эхлээд элсэн орсон. Нэгдүгээр курсээ төгссөнийхөө дараа хятад эм, эмнэлэгийг судалж, сурах нь Монголд ашигтай юу бодсон л доо. Хятад эмчилгээг би сураад Монголдоо дэлгэрүүлж чадах уу, үгүй юу гэдэгтээ эргэлзсэн. Хятадын уламжлалт анагаах ухаан, Монголын уламжлалт анагаах ухаантай арай л дүйцдэггүй. Монгол эмнэлэг, Хятад эмнэлэг хоёр одон зурхай болон хар зурхайгаараа ялгараад өөр болоод явчихдаг. Монголын уламжлалт анагаах ухаан нь Аюурвидын анагаах ухаан гэсэн чиглэлээр Энэтхэг, Төвдтэй адилхан байдаг. Тиймээс би Европ анагаах ухааныг судлах хэрэгтэй юм байна гэдэг үүднээс Тяньжиний Анагаах ухааны их сургуульд Эмчилгээний ерөнхий мэргэжлийн ангид шилжин орж, тэндээ суралцан төгссөн дөө.

-Эх орондоо ирэхдээ ажил мэргэжлийн тал дээрээ  юу бодож, ямар төлөвлөгөөтэй ирж байв?

-Хийж бүтээх хүсэл тэмүүлэл дүүрэн байсан. Ирмэгцээ би Уламжлалт анагаах ухааны чиглэлээр төгсөлтийн дараах сургалтанд Анагаах ухааны их сургуульд суралцсан. Тэгээд л ээжтэйгээ хамт ажиллаж, эмнэлгээ авч явъя гэж бодсон учраас монгол уламжлалт анагаах ухааны чиглэлээр ажиллаж байна.

-Танай эмнэлэг ямар нэртэй вэ?

-“Энэрэлт Манал” гэдэг. Эмнэлгээ үүсгэн байгуулагдсанаас хойш бүхий л ажилд нь гар бие оролцож, сургуулиа төгссөнөөс хойш долоо дахь жилдээ энэ эмнэлэгтээ их эмчээр ажиллаж байна.

-ШУУДХАН ХЭЛЭХЭД ХАВДАР ӨВЧНИЙГ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНААР ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ-

-Манай зарим хүмүүс европ эмнэлгээр яваад найдваргүй болоод уламжлалт эмнэлэг дээр очиж эмчлүүлээд босоод ирлээ гэж ярьдаг. Зарим нь бүр дордлоо ч гэх нь бий. Мөн европ эмнэлэгийн эмчилж чадахгүй байсан хавдрыг уламжлалт эмнэлэг анагааж гэнэ гэх зэргээр янз бүрийн яриа сонсогддог л доо. Энэ нь манай анагаахын салбарынхны асуудал байна уу, аль эсвэл үйлчлүүлэгч иргэдийн сонголтын асуудал байна уу? Ямар үед иргэд уламжлалт эмнэлгийг зорин ирж байна вэ?

-Манай улсад эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг тоотой хэдхэн гуравдугаар шатлалын эмнэлэгүүд байдаг. Тэдгээр эмнэлэгүүд нь маш их ачаалал, очер дараалалтай. Харин хувийн томоохон эмнэлгүүд нь төлбөр өндөртэй байдгаасхүссэн хүн бүр очиж, эмчилгээ, үйлчилгээгээ авч чаддаггүй. Нөгөө талаараа санхүүгийн боломжтой нэг хэсэг нь монголд эмчлүүлэхгүй гээд гадаадын эмнэлгийг зорьдог. Ер нь анзаараад байхад дундаж орлоготой хүмүүс нь бидэн шиг хувийн эмнэлгийг сонгон үйлчлүүлж байх шиг. Харин уламжлалт, европ гэсэн хоёр чиглэлийн эмнэлэгийн тухайд гэвэл уламжлалтад сайн эмчлэгддэг өвчнүүд, европ эмнэлэгээр сайн эмчлэгддэг өвчнүүд гэж бий. Бүх өвчнийг ганцхан уламжлалтаар эсвэл европ анагаах ухаанаар эмчилнэ гэдэг бол өрөөсгөл ойлголт л доо.

-Тэгвэл ямар өвчнүүд уламжлалт эм, эмчилгээгээр бүрэн илааршдаг вэ?

-Удаан өвдчихсөн архаг хууч, сэдрээгүй байгаа үрэвсэлт өвчнүүд, зүрх судасны зарим өвчнүүд, даралт ихдэлт, харвалтууд, харвалтын дараах саа саажилт, мэдрэлийн ядаргаа зэрэгт уламжлалт эмнэлэгийн нөхөн сэргээх зүү эмчилгээ маш сайн үр дүн өгдөг. Мэдрэлийн ядаргаа, саа, саажилт, мэдрэлийн гаралтай өвдөлтүүд зэргийг уламжлалт эмчилгээгээр бүрэн илааршуулах боломжтой. Яаралтай мэс заслын өвчнүүд болох олгой ургахаас эхлээд зайлшгүй хагалгаа хийх шаардлагатай өвчнүүдийг уламжлалт эмнэлэг яаж ч чадахгүй.

-Ямар нэгэн хавдрыг уламжлалт анагаах ухаанаар эмчилнэ гэсэн зар их байдаг юм билээ. Уламжлалт анагаах ухаанаар хавдрын өвчнийг эмчлэх боломжтой юу?

-Уламжлалт эмнэлгүүдэд хавдрыг эдгээсэн тохиолдол байж болох ч, шинжлэх ухаанаар батлагдсан зүйл байхгүй. Шуудхан хэлэхэд хавдар өвчнийг уламжлалт анагаах ухаанаар эмчлэх боломжгүй. Манай монголчууд их туйлшрамтгай хүмүүс шүү дээ. Фэйсбүүкээс хэн нэгэн хүнийг “хавдар эмчилдэг” гэнэ гэсэн мэдээллийг хараад л тийшээ хошуурцгаадаг. Бизнес хөөсөн, ашгийн төлөө хүмүүс л “Хавдрыг эмчилнэ” гэж ард иргэдийн тархийг угааж байна гэж ойлгож болно. Ингэж битгий хумүүсээр тоглооч ээ гэж хэлмээр байна. Хавдар өвчнийг эрт үед нь илрүүлбэл мэс заслын арга болон химийн эмчилгээгээр зогсоох боломжтой гэж үздэг. Харин хожуу үедээ илэрсэн хавдар өөр эд эрхтэнд нь үсэрхийлчихсэн байдаг учраас эмчлэх боломж бараг байхгүй. Ер нь ард иргэддээ хандаж хэлэхэд уламжлалт аргаар хавдар эмчилнэ гэж байгаа хүмүүс дээр очиж цаг, мөнгөө битгий үрээрэй. Хэрвээ хавдартай гэж оношлогдсон л бол төрөлжсөн эмнэлэгт нь хандаж л, эмчилгээ хийлгэсэн нь дээр гэдгийг хэлэхийг хүсч байна.

-Сүүлийн үед хавдрын өвчлөл их нэмэгдэж байх шиг. Дөнгөж төрсөн хүүхэд хүртэл хавдартай төрлөө гэх мэдээ их сонсогдох юм. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх ямар боломж байна вэ?

-Хавдараас урьдчилан сэргийлнэ гэдэг зөв амьдралын хэв маяг. Бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа зүйлс ч хавдар үүсгэх хүчин зүйл агуулсан байдаг. Улаанбаатар хотын иргэдийн амьсгалж байгаа агаар, тоосжилт зэрэг нь уушгины хорт хавдар тусахад ихээр нөлөөлдөг гэсэн судалгаа бий. Тамхидалт, архидалт гээд бүгд л хавдарын шалтгаан болдог. Гэвч хавдарын шалтгааныг шууд нэг зүйлтэй холбож ойлгож болохгүй. Олон хүчин зүйлс түүнд нөлөөлж байдаг. Уламжлалт анагаах ухаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх ёсыг онцгойлон авч үзсэн байдаг. Хүнийг эхлээд явдал мөр буюу ямар орчинд хэрхэн биеэ авч явах тухайд авч үздэг. Тухайн хүний оршин байгаа газар орон, халуун хүйтэн, чийг нойтон зэргийг хэлж байгаа хэрэг. Зүрх муутай хүнд бол өндөрлөг газар зохихгүй. Тиймээс хүн өөрийн биеийн нөхцөл байдалд амьдарч байгаа газар орноо тааруулан амьдрах ёстой болдог. Тиймээс эхлээд хүний явдал мөр зөв байх ёстой. Дараа нь идээ ундаа нь зөв байх ёстой. Идээ ундаа зөв байх гэдэг бол бидний идэж ууж байгаа бүхнийг өөртөө тааруулсан, зөв харьцаа хэмжээгээр тохируулан  хэрэглэхийг хэлнэ. Уламжлалт анагаах ухаанд ходоодыг 3 хуваан 3/1 нь идээ буюу хоол, 3/1 нь ундаа буюу шингэн зүйл, 3/1 нь хоосон байх ёстой байдаг. Гэтэл бид өлсөж явж байгаад нэг идэхээрээ ходоодоо дүүртэл идэх нь бий. Мөн өөрт тохирсон, тухайн өвчнийг дарж болохоор идээ ундаа хэрэглэх хэрэгтэй. Жишээ нь хий мөн чанартай хүн түүндээ тохирсон идээ ундаа болох хий дарах 3,4 шимтийн шөл, толгой шазны шөл, битүү болгосон хоол, шимтэй тослог идээ зэргийг хэрэглэх жишээтэй. Улирал бүрт харилцан адилгүй. Улирал бүрт хүний хий, шар, бадгана, таван махбодь харилцан адилгүй хурж, хөдөлж, амирлаж байдаг гэж үздэг тул тухайн улирал, цаг агаартаа тааруулж бүх зүйлсийг зөв зохистой идэж ууж, зөв явдал мөртэй байх юм бол хүн аливаа өвчлөлд өртөх нь бага байдаг. Харин явдал мөр, идээ ундаагаар засч дийлэхгүй өвчнийг эм, заслын аргаар эмчилнэ.

-ГОЛЫН ХИЙГЭЭР УДААН ӨВДСӨН ХҮМҮҮС ИХ АЙДАСТАЙ БОЛСОН БАЙДАГ-

-Саяхан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан нэгэн судалгааны дүн ихэд сонирхол татсан. Та ч сонссон л байх. Ази номхон далайн орнуудаас Монгол Улс сэтгэл гутарлын өвчлөлөөр гуравдугаарт бичигдсэн төдийгүй манай улсын сэтгэл гутралын эмгэгтэй байгаа нийт хүний 80 хувь нь 18-50 насны эмэгтэйчүүд байгаа тухай судалгаа гарсан байна. Энэ өвчлөлийн тухайд та уламжлалт анагаах ухааны талаасаа тайлбар өгч болох уу. Энэ юунаас болж байна вэ?

-Монгол Улс гурван сая хүн амтай. Тэдний гуравны нэг нь Улаанбаатар хотод амьдарч байна. Судалгаанаас харахад хүн ам ихтэй хотын иргэд стресст ихээр өртдөг. Эмэгтэй хүмүүс яагаад дийлэнх нь стресс, сэтгэл гутралтай байгаа нь манай монгол эмэгтэйчүүдийн нийгмийн онцлог бусад орнуудынхтай харьцуулбал өөр, ар гэрээ амьдралаа ихэвчлэн эмэгтэйчүүд нуруун дээрээ үүрч авч явдаг, Мөн эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол нөхөн үржихүй явагдаж, хүүхэд тээж төрүүлэх, тэднийг өсгөх зэрэг нь энэ өвчин үүсэх нөхцлийг давхар бүрдүүлдэг байх.

Үүнийг уламлалт анагаах ухааны зүгээс тайлбарлавал голын хий гэж өвчин байдаг. Энэ нь стресс, сэтгэл гутралтай дүйцнэ.

Манай эмнэлгээр үйлчлүүлж байгаа нийт үйлчлүүлэгчдийн 80 хувь нь стресст автсан голын хийтэй хүмүүс байгаа юм. Үүнээс үзэхэд энэ өвчин хэр зэрэг газар авсан нь харагдаж байгаа байх.

-Голын хийгээр өвдсөн хүмүүст ямар шинж тэмдэг илрэх вэ. Эмчлүүлэхгүй удвал  биед үзүүлэх сөрөг нөлөө нь юу байгаа вэ?

-Голын хийтэй хүмүүс өөртөө ихэд зовиуртай байдаг. Тухайлбал, тавгүй, түгшсэн, айдастай, сандарсан, чоцимтгой, амархан уурлаж, гомдох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Эмчлүүлэхгүй даамжирсан тохиолдолд амьсгалахад түвэгтэй болж,амьсгал авагдахгүй бачуурдаг. Заримхүмүүст шөнө нойргүй болох зэргээр илэрдэг. Голын хийтэй хүмүүс юу нь өвдсөнөө мэдэхгүй, европ анагаах ухаанаар эмчлүүлж явах нь элбэг л дээ. Зарим тохиолдолд шинж тэмдгээ арилгах төдий эмчилгээ хийлгэдэг. Нөгөө талаараа ийм өвчтэй хүмүүс зүрхээ, даралтаа, мэдрэлээ үзүүлээд бүх зүйлс нь зүгээр гардаг. Ар гэрийнх нь ч бүр үгээ хэлээд “Манай энэ хүн хэдэн жил ийм байдалтай явж байна. Юу нь өвдөөд байгаа нь мэдэгдэхгүй зовиурлаад байх юм. Эмнэлэгт үзүүлээд, шинжилгээ өгөхөөр өвдсөн юм байхгүй, зүгээр гардаг. Эрүүл   байж маяглаад байдаг юм уу, хаашаа юм” гээд яриад явж байгаа хүмүүс байдаг. Энэ нь эмэгтэй хүний гармоны өөрчлөлтэй их холбоотой. Эмэгтэй хүн төрөхөөс эхлээд асуудал их шүү дээ. Төрсний дараах үеийн сэтгэл гутрал гэж бий. Тухайн үедээ төрсний дараах сэтгэл гутралаа дарж чадаагүй хүмүүс энэ өвчинд ихээр өртдөг. Төрсний дараа савны хий хөөрсөн гэж сонсч л байсан байх. Хүмүүс  хий өвчнийг яг л бодит хий байдаг л гэж бодоод байдаг юм шиг байгаа юм. Яг тийм биш л дээ. Хий гэдэг бол цул эрхтнээс зүрхэнд, сав эрхтнээс эмэгтэй хүний саванд, гол судсанд хий хурдаг. Үүнийг эмчлүүлэхгүй удаан явсан хүмүүс голын хий гэдэг өвчинд удаан зовсон байдалтайгаар манай эмнэлэгт их ирдэг шүү. Тэдний ихэнх нь оношоо ололгүй хугацаа алдсан хүмүүс байдаг. Голын хийгээр удаан өвдчихсөн хүмүүс их айдастай болсон байдаг. Хэзээ мөдгүй үхэх гээд байгаа юм шиг санагдах нь ч бий. Тэр хий гэдэг зүйл өөрийг нь ерөөсөө тайван байлгадаггүй. Түүнээс болж зүрх нь дэлсдэг, даралт нь тогтворгүй болдог. Ийм зовиурууд илрээд байгаа хүмүүст уламжлалт эмнэлэгийг зориорой л гэж хэлмээр байна. Европ эмнэлгээр эм тариа хийлгээд тэр нь улам л даамжирна уу гэхээс нэг их сайн эдгэдэггүй. Тиймээс уламжлалт эмнэлэгт эртхэн хандаж хий дарах эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Манайхан мэдэхгүй хийтэй хүн байж мөстэй, хүйтэн ундаа уух зэргээр өвчнөө даамжруулах нөхцлийг бүрдүүлээд байдаг. Дөнгөж эхэн үедээ явж байгаа өвчийг идээ ундаа, явдал мөрөөр нь засах боломжтой байдаг юм шүү. Эхний ээлжинд ирж үзүүлээд зөвлөгөө авч болно. Иймэрхүү зовиур илэрдэг хүмүүс зөндөө л байгаа байх.

-Сэтгэл санааны тайван бус, тогтворгүй байдлыг өвчин гэж ойлгож болох нь ээ?

-Тийм. Тухайн хүний зан чанараас  их зүйл шалтгаална. Хүн нь өөрөө тайван, дөлгөөн зантай бол хэчнээн хийтэй байсан ч гэсэн өөрөө түүнийгээ зохицуулаад байж чаддаг. Тухайн хүн нь өөрөө төрөлхийн сэтгэлийн хөдөлгөөн ихтэй бол өвчинд их автамтгай байдаг. Амархан сэтгэл санаагаар унаад, хурдан стрессдэж голын хий өвчнөө даамжруулаад байх талтай.

-Эмч хүн янз бүрийн сэтгэлзүйн байдалтай хүмүүстэй харилцдаг гэдэг утгаараа эмч нарт тэвчээртэй байхаас эхлээд онцлог зан чанарууд бас байдаг байх?

-Миний хувьд эмч хүний бусадтай харилцах харилцаа их чухал санагддаг. Нэгэнт хоёулаа голын хий гээд ярьсан болохоор энэ өвчин дээр жишээ аваад хэлэхэд голын хийтэй хүмүүс их тогтворгүй ааш зантай байдаг. Аливаа зүйлд амархан уурлаж, баярлаж хүлээж авдаг. Эмч хүний нэг үг тэднийг эдгээх хүсэл зорилготой болгож чадах жишээтэй. Эсрэгээрээ эмчийн нэг үг л тэр хүнд таалагдахгүй байх юм бол тэр хүнд өвнөө эмчлүүлэх ямар ч хүсэл зорилгогүй болдог. Тиймээс нэгэнт л өвчтэй хүмүүстэй харилцаж байгаагаас хойш хүлээцтэй байх маш чухал. Өвчтэй хүний амнаас ямар ч үг гарч болно. Юутай ч эмч хүн тэр бүхнийг хүлээцтэй, тайвнаар хүлээж аваад, маш саөөйн сонсогч байх хэрэгтэй. Өвчтэй хүний оронд өөрийгөө, гэр бүл дотны хүмүүсээ тавьж үзээд харьцах нь чухал. Ямар ч хүнд өөриймсөг хандах нь эмчилгээний үр дүнд нөлөөлнө. Бидний эмчилгээний үр дүн ч сайн гарна шүү дээ. Эрт дээр үеэс манай Монголчууд “сэжигээр өвдөж, сүжигээр эдгэдэг” гэж ярьдаг байсан. Мөн хүн сэтгэлийн амьтан гэдэг шүү дээ. Тиймээс хүмүүс эмчлүүлж буй эмчилгээндээ итгэлтэй байх нь хамгийн чухал. Сэтгэл санааны байдал их чухал. Хавдартай хүмүүсийг хараад байхад хавдартай боловч түүнийгээ даван туулах зорилготой байгаа хүмүүс хавдрын ард гарсан жишээнүүд олон байдаг. Сонсоод л өнөө маргаашгүй сэтгэлээр уначих юм бол тэгээд л амархан өвчиндөө автаад ирнэ. Тиймээс ямар ч зүйлд эерэг хандлагатай байх ёстой.

-Зарим хүмүүс толгой өвдлөө гэхэд хажуудах хүмүүс нь өөрийнхөө толгойн өвдөлтөнд уусан эм, эмчилгээ, эмчийг санал болгоод байдаг үзэгдэл бидний дунд элбэг байдаг л даа?

-Миний мэдэж байгаагаар фэйсбүүк орчинд “Mommy Central”, 0-2 настай хүүхэдтэй ээжүүдийн групп” зэрэг ээжүүдийн хэд хэдэн гээд групп байдаг. Түүнийг ажиглаж байхад “манай хүүхэд ингэж өвдлөө ээжүүдээ, яах вэ” гэх зэргээр зөвлөгөө, заавар маш их харагддаг. Хүнээс янз бүрийн зүйл сонсоод яах юм бэ. Бүгдээрээ эмч биш. Эмч хүмүүс сошиал орчинд хаа, хамаагүй зүйлс бичээд байна гэж байхгүй. Тиймээс эмчийг зорьж очоод үзүүлж байгаарай гэж зөвлөмөөр байна. Хүн бүрийн өвчлөл өөр шүү дээ. Хүн бүрт тохирох, тохирохгүй эм гэж байдаг юм шүү. Үүнийг сайн мэдэж аваарай гэж хүсмээр байна.

-ЭМИЙН ХАМААРАЛТАЙ БОЛСОН ЭСВЭЛ ГҮН ХОРДЛОГОД ОРСОН ХҮМҮҮС ИХ БАЙДАГ-

-Антибиотекийн хэрэглээний хувьд нэг эрхтний өвчнийг намдааж, дарж байгаа боловч, нөгөө эрхтнийг гэмтээж байдаг гэж сонссон. Энэ үнэн үү?

-Энгийнээр тайлбарлахад антибиотек гэдэг бол нянгийн эсрэг бэлдмэл юм. Тухайн үедээ антибиотекийг нээсэн нээлт бол үнэхээр мундаг. Тэр үедээ эмчилж чадахгүй байсан бүхий  л өвчнийг аварч байсан анагаах ухааны том нээлт болж байлаа. Монголын уламжлалт анагаах ухааны хувьд олон мянган жилийн өмнөөс л нян, хорхой гээч зүйлийг нээж олоод түүний эсрэг уламжлалт аргуудаа хэрэглэдэг байсан юм билээ. Үүнийг бид мэддэггүй байж байгаад сүүлийн 30 гаруй жил уламжлалт анагаах ухаан маань буцаад сэргэж байна. Харин энэ цаг үед  антибиотекийн хэрэглээ маш замбараагүй болсон. Ханиад хүрсэн ч, энгийн өвчлөлд антибиотекээр дарчихдаг гэж ойлгодог болжээ. Антибиотек өөрөө хоёр янзын үйлчилгээтэй. Хүнд ашигтай, ашиггүй хоёр төрлийн нян байдаг. Дархлаа систем гэж бий. Зарим өвчинд ашигтай нянгууд нь байж байх хэрэгтэй байдаг бол антибиотек нь ашигтай тэдгээр нянгуудыг нь устгачихдаг. Антибиотекийг удаан хэрэглэснээс болоод мөөгөнцөрдөөд салахаа байсан хүмүүс байдаг шүү дээ. Мөөгөнцөрийн эсрэг нян тэр хүнд байхгүй болсон гэсэн үг. Мөн удаан хэрэглээд ирэхээр дасал гэж зүйл үүснэ.Ер нь гарах сөрөг үр дагаварууд нь олон бий.

Энэ байдлыг халах цаг болсон. Ер нь дэлхий нийтээрээ үүний эсрэг явж байгаа шүү дээ. Европ эмийг бүр хоол шиг иддэг хүмүүс байдаг. Жишээлбэл, манай эмнэлэгт хэвтэж байгаа зарим хүмүүс бүр тор дүүрэн европ эмтэйгээ  ирдэг. Тэрийгээ хоол шиг идээд л, бие организм нь тэр эмэндээ дасал болчихсон эсвэл уудаг эмэндээ өвчин нь намдахаа больмогц түүнийхээ хүчийг нэмэгдүүлээд, эмийн хамааралтай болсон эсвэл гүн хордлогонд орсон хүмүүс их байдаг.

-СГЗ, ахмад сэтгүүлч Х.Цэвлээгийн “Ээж бид хоёр” гэсэн алдартай нийтлэл байдаг. Тэрхүү нийтлэлд 1940-өөд оны үед ээжийгээ олгой өвчнөөр алдсан үнэн бодит түүхээ сэтгүүлч бичсэн байдаг. Ингэхдээ гэнэт ээжийнх нь олгой нь өвдөж сумын төв рүү эмэнд явсан боловч өвчин намдаах төдий хоёр цагаан эм өгсөн гэдэг. Одоо байсан бол би ээжийгээ хамгийн сайн эмнэлэгт, хамгийн сайн эмч дээр аваачих байсан гэж бичсэн байдаг юм л даа. Тэгэхээр Монголын уламжлалт анагаах ухаанаар мэс заслын өвчнийг дээр үедээ буюу тодруулбал 1940-өөд онд хэрхэн яаж эмнэж, эмчилдэг байсан тухай та бидэнд ярьж өгч болох уу?

-Монгол уламжлалт анагаах ухаан мэс ажилбар хийж байсан түүх байдаг юм билээ. Анагаах ухааны дөрвөн үндэс зохиолд 404 өвчний 101-ийг мэсийн аргаар эмчилнэ гэсэн байдаг. Мэс ажилбарыг хийхдээ тухайн үеийн ариун орчинг бүрдүүлээд л хийдэг байсан байх. Олгойг хүртэл авдаг байсан гэж би сонсч байсан. Оточ, мааранбаас эхлээд эмч биш ч гарын дүйтэй, гартаа “юмтай” гэж ярьдаг хүмүүс дээр үед гэртээ төрж байсан хүмүүсийг эх бариад авчдаг байх жишээтэй. Тэр үед хүмүүс гэртээ төрдөг байсан хэдий ч эхийн эндэгдэл харьцангуй бага байсан байх.

-СУДАС ОНОШИЛГООГООР АЛИВАА ӨВЧНИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ-

-Уламжлалтын эмчтэй уулзсаных нэг зүйлийн талаар тодруулахгүй байж чадсангүй. Эргэн тойронд эмэгтэйчүүд, эрчүүд ч ялгаагүй мацаг гээч зүйлийг сүүлийн үед айхтар ихээр сонирхож, барьж, хоол ундаа сойж эхлэх боллоо. Ялангуяа хаврын улиралд. Энэ нь зэрэг зохистой үзэгдэл вэ?

-Манайхан их туйлшрамтгай ард түмэн шүү. Сошиал ертөнц их хөгжиж байна. Түүний хэрээр эерэг сөрөг мэдээ мэдээллүүд ихээр цацагдах болж. Фэйсбүүкээр нэг мэдээлэл яваад түүнийг их олон хүн лайк, шэйр хиймэгц түүнд итгээд л ирдэг. Миний ойлгосноор П.Анужингийн мацаг барих зөвлөгөө сошиал ертөнцөд газар авсан юм шиг байгаа юм. Тэр таарах хүн гэж байна. Таарахгүй хүн гэж байна. Түүнээс биш хүн бүр хаварын цагт мацаг бариад байж болохгүй. Хавар цаг гэдэг улирлын хувьд хий босдог улирал. Та сонсч л байсан байх. Хаврын улиралд хийтэй хүмүүсийн хий нь хөдлөөд, сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүс өвчин нь хөдөлдөг гэж ярьдаг шүү дээ. Угаасаа өөрөө их эгзэгтэй улирал байхгүй юу. Хүмүүс их ядардаг, амин дэмийн дутагдалд ордог. Хүйтэнийг давсан хүний бие организм ядруу байдаг энэ үед мацаг барих нь маш зохимжгүй. Хаврын цагт цэвэрлэгээний зорилгоор элэг, цөсөө цэвэрлэж болно. Гэхдээ элэг, цөсний цэвэрлэгээг намар цагт хийвэл зохилтой байдаг. Уламжлалт анагаах ухааны одон зурхайд  шороо, ус, гал, хий, огторгуй гээд таван махбодь байдаг. Энэ таван махбодь хоорондоо уялдаж байдгаас гадна улирал бүрт энэ таван махбодьтой холбоотой эрхтнүүдийн судас оношлогоо өөр өөр байдаг. Эдгээр таван махбодиуд тус бүртээ өөр, өөрийн гэсэн эрхтэнтэй. Гал махбодийх гэхэд элэг байх жишээтэй. Шороо махбодийх дэлүү (Нойр булчирхай), усан махбодийх бөөр, хий махбодийх уушги, огторгуй махбодийх зүрх байдаг. Энэ мэт бүх л зүйлс хоорондоо уялдаа холбоотой. Түүнээс биш нэг мэдээлэл үзээд түүндээ туйлшраад байж болохгүй. Өлөн хоосон байна гэдэг өөрөө хийг маш ихээр хөдөлгөж байдаг зүйл. Учраа мэдэхгүй мацаг бариад тэжээлийн дутагдалд ороод ирж байгаа хүмүүс эмнэлгүүдээр олон байна гэж сонсогдсон. Мацаг барих нь өөрөө сайн зүйл. Гэхдээ ямар ч байсан эмчид үзүүлж, хяналтан дор мацаг барих хэрэгтэй. Хүн бүр өөр өөрийн билэг чанараасаа шалтгаалаад хийх эмчилгээ ч бас харилцан адилгүй шүү дээ.

-Уламжлалт анагаах ухаанд судас оношилгоогоор аливаа өвчнийг оношилдог. Судас оношилгооны давуу тал нь юу байдаг вэ?

-Судас оношилгоогоор аливаа өвчнийг эрт илрүүлэх боломжтой. Багажийн шинжилгээ, ЭХО оношилгоо болон лабораторийн шинжилгээнээс өмнө илрүүлэх боломжтой гэж ойлгож болно. Миний нэг үйлчлүүлэгч хэдэн жилийн өмнө судсыг нь барихад нь бөөрний үйл ажиллагаа нь хэвийн биш байсан. Ингээд энэ байдлыг нь өөрт нь хэлээд яаралтай эмчлүүлээрэй гэж хэлтэл тэрээр "Би саяхан шинжилгээ хийлгээд ЭХО-д харуулахад миний бөөр зүгээр гарсан. Өвдөх ёсгүй дээ" гэж байсан. Гэтэл хэсэг хугацааны дараа нөгөө үйлчлүүлэгч маань надад хандаад "Эмч ээ, үнэхээр миний бөөр өвдсөн байсан байна лээ. Эмчилгээ хийлгэсэн. Та тэр үед яг хэлсэн байна лээ шүү" гэж байсан. Ер нь ийм тохиолдлууд их байдаг л даа.

-Биеэ их чагнадаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ нь ер нь сэтгэлзүй талаасаа ч гэдэг юм уу, эрүүм мэнд талаасаа зөв үү, буруу юу?

-Ерөөсөө өвчин хэлэхгүй байж байгаад гэнэт өвчнөөр бурхан болдог хүн ч байна. Зарим нь байнга шинжилгээ өгөөд байнга эмнэлгээр яваад байдаг. Энэ хүмүүс харин өвчнөө эрт мэдээд эмчлүүлж эдгэрэх тохиолдол ч бий. Манайхны нэг алдаа нь “би насаараа эмнэлэгийн хаалгаар шагайж байгаагүй, эмнэлэгт очиж үзээгүй. Эрүүл хүн” гэдгээрээ их бахархаж ярьдаг. Энэ бол буруу зүйл. Учир нь хүн өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай. Тиймээс жилдээ нэг удаа эмнэлэгт очоод урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байх хэрэгтэй. Энэ нь хавдар болон бусад өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ болж чадна. Эмнэлэгт үзүүлдэггүй болохоор л хүмүүс хавдар өвчинд өртдөг. Хавдарын эмнэлгээр яваа хүмүүс дийлэнх нь л эцсийн шатандаа орчихсон тохиолдлууд олон байна. Тиймээс эмнэлэгт очиж үзээгүйгээрээ бахархаж ярих буруу шүү гэж хэлмээр байна.

Ийнхүү бидний ярилцлага өндөрлөлөө. Амьдрал санаандгүй зүйлсээр дүүрэн. Санамсаргүйгээр танилцсан өнөөх “Бидний найзын дурлал” киноны гол дүрийн бүсгүй Энхмаа болох Дариа гэх эмэгтэй энгийн даруу боловч эгэлгүй ачлалт үйлсийн төлөө тэмцэгч, цагаан нөмрөгт элч, эмч нэгэн байсныг түүнтэй ийн ярилцсаны дараа мэдлээ. Кинонд тоглосон болгон жүжигчин байдаггүй аж. Мөн жүжигчин бүр сэтгэлд хоногшин кинонд тоглодоггүй нь харамсмаар үнэн юм. Юутай ч ярилцлагынхаа зочин болох Ц.Дарьсүрэнд Монгол уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх чин сэтгэл, хүсэл эрмэлзлэлд нь TOIMNEWS.MN сайтынхаа уншигчдын өмнөөс өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе...

Сэтгүүлч Э.Одгэрэл

Гэрэл зургийг Б.Барс