Багш нарын дунд хоол боловсруулах эрхтний эмгэг зонхилж байна

Боловсролын байгууллагын нэгдсэн мэдээллийн Network.mn сайт, Эрүүл мэндийн төрөлжсөн Med.network.mn сайтаас санаачлан “ЭРҮҮЛ БАГШ” аяныг эхлүүлсэн билээ. Эхний ээлжинд бид Европ, уламжлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Энэрэлт Манал” эмнэлэгтэй хамтран Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын багш нарыг  энэ сарын 1,2,3-ны өдрүүдэд эрүүл мэндийн үзлэгт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хамрууллаа.

"Энэрэлт манал" эмнэлгийн зүгээс бүх эмч, ажилчдаа амралтын өдрөөр ажиллуулахын сацуу уламжлалт, дотор, мэдрэл, эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээ үнэ төлбөргүй хийж, үйлчилсэн юм. Түүнээс гадна зүрхний цахилгаан бичлэг, шээсний дэлгэрэнгүй шинжилгээ, цусан дахь сахарын хэмжээ тодорхойлох үйлчилгээгээ мөн үнэ төлбөргүй болгож, лабораторийн бүх төрлийн шинжилгээнийхээ үнийг 50 хүртэл хувиар хямдруулсан нь багш нарт ихээхэн таалагдаж, нүдээ олсон үйл ажиллагаа боллоо гэдгийг тэд онцолж байв. Энэ удаагийн үзлэгт СХД-ийн ЕБС-ийн багш нараас гадна өөр дүүрэг болон хөдөө орон нутгаас ирсэн нийт 200 орчим багш хамрагдсан юм. Ингээд "Энэрэлт манал" эмнэлгийн эмч нар гурав хоногийн хугацаанд нийт 20 орчим сая төгрөгний үзлэг, оношилгоо, шинжилгээг үнэ төлбөргүй хийж, үйлчилжээ.

Ингээд үзлэгт хамрагдсан багш нарын сэтгэгдлийг хүргэж байна.

Бүх шинжилгээ, оношлогоо нэг дор төвлөрсөн үнэхээр сайхан үйл ажиллагаа болж байна

Ирээдүй цогцолбор сургуулийн Биеийн тамирын багш Д.Моломдорж:

Network.mn сайтаас анх мэдээлэл аваад хамгийн түрүүнд бүртгүүлсэн. Мөн тэрхүү мэдээллийг багш нарынхаа дотоод фэйсбүүк хуудаст оруулахад багш нар маань их олзуурхан хүлээж авсан. Бидэн шиг цаг завгүй хүмүүст үнэхээр сайхан, нүдээ олсон үйл ажиллагаа болж байна. Энэхүү ажиллагааг зохион байгуулсан “Энэрэлт манал” эмнэлэг болон Network.mn сайтын хамт олонд баярлалаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Багш нар ажлын ачааллаасаа болоод тэр болгон үзлэгт хамрагдаж чаддаггүй. 

Дорнод аймгийн 5 дугаар дунд сургуулийн багш Б.Ууганцэцэг:

Өмнө нь хувийн эмнэлэгт багш нарт зориулсан үзлэг, оношлогоонд хамрагдаж байгаагүй. Энэ талаар сонсож ч байгаагүй. Танай мэдээллийг интернэтээс уншаад ирж, үзлэг, оношлогоонд хамрагдаж байгаадаа баяртай байна. Дотор, мэдрэлд үзүүлье гэж зорьж ирсэн. Уламжлалтад бас үзүүлсэндээ сэтгэл өндөр байна. Уламжлалтын эмч маш сайн үзэж, оношилж байна. Миний биеийн бүх зовиурыг яг хэлсэн. 

Ж.Ган-Эрдэнэ Ирээдүй цогцолбор 1-р дунд сургуулийн номын санч:

Өнөөдрийн үйл ажиллагаа надад гэлтгүй манай бүх багш нарт үнэхээр таатай байгаа байх гэж бодож байна. Багш нар өглөө хамгийн түрүүнд гардаг, орой хамгийн сүүлд харьдаг учраас бид нарт эмчид үзүүлэх цаг зав байдаггүй. Зорьж ирээд үзүүлэхэд маш сайхан үйлчилгээтэй байлаа. Бүх төрлийн үзлэг оношилгоо нэг дор төвлөрсөн учраас их таатай байлаа. Эмч нар ч гэсэн их мундаг юм.

Манай 1-р сургууль дээр 2015 оны тавдугаар сард гуравдугаар эмнэлгийн эмч нар ирж үзлэг хийсэн. Тэр үед бид дотрын эмчид үзүүлээд, сахарын шинжилгээ л өгч байсан. Гэтэл энд ирээд үзүүлэхэд бүх юм нь нэг дор байгаа учраас ихээхэн давуу тал болж байна. Мөн эмчилгээгээ давхар заалгаад хийлгэх боломжтой байгаа нь их сайн хэрэг. Дотроо лабораторитой болохоор бүх төрлийн шинжилгээ авчихдаг юм байна. ЭХО оношилгоо, дотор, мэдрэл, уламжлалт гэх зэрэг бүгдэд нь үзүүлэх боломжтой байгаа нь маш таатай байна. Энэ дундаас уламжлалт болон дотрын эмч нар үнэхээр мундаг байлаа. Уламжлалтын эмч бол судас бариад л аппаратаар харсан юм шиг хэлж байсан.  

СБД-ийн 6 дугаар дунд сургуулийн багш Б.Өмирузак:

Ер нь манай багш нар тэр дундаа биеийн тамирынхан байнга завгүй байдаг. Ажлын өдрүүдэд бол эмнэлэгт үзүүлэх ямар ч зав байхгүй. Амралтын өдрөөр тэмцээн уралдаанд явдаг болохоор бас л завгүй байдаг учраас үзүүлж чаддаггүй. Амралтын өдрүүдээр зав гаргаж биднийг үзлэг, шинжилгээнд хамруулж байгаад баяртай байна. Цаашид хэрхэн эмчлүүлэх талаар зөвлөгөө авлаа. 

Г.Доржханд Ирээдүй цогцолбор 1-р дунд сургуулийн багш: Миний хувьд маш өндөр сэтгэгдэлтэй байна. Би хамгийн сүүлд хоёр жилийн өмнө л эрүүл мэндийн үзлэгт орж байсан. Би өмнө нь ийм дэлгэрэнгүй шинжилгээнд орж үзээгүй. Өнөөдөр бүх шинжилгээндээ хамрагдаад, эмчдээ үзүүлж байгаа нь их таатай байна. Эмч нарын ур чадвар бөгөөд зан харилцаа маш сайн сэтгэлд хүртэл үйлчилж байна. Ялангуяа уламжлалтын эмч судсаар маш сайн оношилдог юм байна.  

Үзлэгт хамрагдсан багш нарт нийтлэг зонхилж буй өвчлөлийн талаар "Энэрэлт манал" эмнэлгийн эмч нар ийнхүү зөвлөж байна. 

Энэрэлт манал эмнэлгийн их эмч Ц.Дарьсүрэн: Багш нарын дунд хоол боловсруулах эрхтний эмгэг зонхилж байна 

Хоол шингээх тал дээр үзлэгт хамрагдсан багш нар бүгд бага зэрэг өөрчлөлттэй. Өглөө эрт гэрээсээ гардаг болоод ч тэр үү өглөөний цайгаа уудаггүй гэнэ. Мөн өдрийн хоолоо яг цагтаа иддэггүй, өлөн хоосон явж байгаад гэнэт их иддэг гэх мэтчилэн хооллолттой холбоотой өөрчлөлтүүд их ажиглагдаж байна. Ер нь бүгд хоол боловсруулах тал дээр хоолны шингэц муу. Мөн хуян шар ус, хүзүүний хөшөлт хөөрөлт бараг бүх багшид байна. Ихэвчлэн нуруу ууц нь хөшиж өвддөг.

Стресстэй холбоотой, мэдрэлийн талын өөрчлөлтүүд, тархи толгой өвддөг тиймэрхүү зовиуртай  багш нар бас байна. Хоол боловсруулахын өөрчлөлтийг өөрсдөө хоолоороо зохицуулах боломжтой. Бүр их өөрчлөлтэй эм тан уух, эмчилгээ хийлгэх шаардлагатай хүмүүст тохирсон эмчилгээг зөвлөөд явуулсан. Нурууны өвчлөл хүзүүний өвчлөлтэй хүмүүс эмчилгээ хийлгэхгүй удвал хүзүүний суулт өгөөд хүзүүний мэдрэл өөрчлөгдсөнөөр толгой өвдөх, хоёр гар бадайрч өвдөх, сэтгэн бодох чадвар муудна.

Түүнчлэн тархины судасны нарийслаас болж мартамхай болно, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст энэ хамгийн чухал. Тэгэхээр хуян шар усаа сайн эмчлүүлэх хэрэгтэй. 40-50 насны 50-аас дээш насны багш нар бол даралт ихсэх шинж тэмдэгтэй дээр нь цэвэршилтийн хам шинж эхэлчихсэн байна. Цэвэршилтийн хам шинжээс үүдэлтэй сэтгэл санааны тайван бус байдал даралт хэлбэлзэх, гэнэт халууцах, гэнэт хөрөх гэх мэт хам шинжүүд ажиглагдлаа. 

Мэдрэлийн эмч А.Эрдэнэтуяа:

Нийт 187 багш үзлээ. Үүнээс 

  • Нурууны шохойжилттой 33 хувь
  • Тархины цусан хангамжийн дутагдалтай 41 хувь

Дотрын эмчид: Нийт 191 багш үзүүлсэн байна. Үүнээс

  • Архаг цөс, нойр булчирхайн үрэвсэлтэй 48 хувь
  • Архаг цөсний үрэвсэлтэй 38 хувь
  • Архаг элэгний үрэвсэл 1 хувь 
  • Элэгний өөхлөлт 1,3 хувь 
  • Архаг бөөрний үрэвсэл 1,2 хувь 
  • Цөсний чулуут үрэвсэл 1,3 хувь 
  • Элэгний уйламхай 0,75 хувь 
  • Давсагны ургацаг 0,75 хувь байна. 

Эмэгтэйчүүдийн эмчид:

Нийт 178 багш үзүүлсэн байна. Үүнээс 

  • Үрэвсэлт өвчин 89 хувь 
  • Үргүйдэл 1 хүн
  • Жирэмсэн 1 хүн 
  • Хоргүй хавдартай 1 хүн байна. 

Ийнхүү "Эрүүл Багш" аяны хүрээнд нийт 200 орчим багш "Энэрэлт Манал эмнэлэг дээр эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд 3 хоногийн турш үнэ төлбөргүй хамрагдлаа. 
Амралтын өдрөөр ажиллаж, ирсэн бүх багш нарт чин сэтгэлээсээ үзлэг, шинжилгээ хийсэн "Энэрэлт Манал" эмнэлгийн эмч, ажилчид, лабораторийнхонд баярласан талархсанаа илэрхийлье.
Дараагийн "Эрүүл Багш" аянд цэцэрлэгийн багш нарыг хамруулах болно. 

Сэтгүүлч: А.Өлзий

Эх сурвалж: med.network.mn сайт