А.Уранчимэг: Үргүйдлийг зүү эмчилгээгээр эдгээх боломжтой
Уламжлалт анагаах ухааны “Энэрэлт Манал” эмнэлгийн Ерөнхий эмч, клиникийн профессор А.Уранчимэгтэй ярилцлаа. Зүү эмчилгээ, уламжлалт анагаах ухаан зэрэг сонирхолтой сэдвээр ярилцав. 


-Уламжлалт эмчилгээгээр дагнасан олон эмнэлэг ажиллаж байна. Гэсэн хэдий ч “Энэрэлт Манал” эмнэлгийн тухай олон хүнээс сонслоо. Тиймээс энэ удаад уншигчдадаа танай эмнэлгийг танилцуулахаар болсон юм. Юуны түрүүнд эмнэлгийнхээ талаар мэдээлэл өгнө үү?

-Бид анх уламжлалт анагаах ухааныг чиглэлээ болгон эмнэлгээ байгуулсан. Уламжлалт эмчилгээ гэдэг нь дотроо маш олон төрөлтэй. Харин манайх эм тан, зүү эмчилгээ, нөхөн сэргээх, бариа засал гээд бүгдийг нь хавсарсан байдлаар эмчилгээ хийдэг. 2002 онд “Уран Манал” нэртэйгээр манай амбулатори байгуулагдаж байсан. Улмаар 2004 онд “Энэрэлт Манал” нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлж байлаа. Гэхдээ “Уран Манал” нь дан амбулаторийн чиглэлээр гадуур эмчилгээтэй хүмүүст үйлчилдэг бол “Энэрэлт Манал”-д хэвтэн эмчлүүлдэг.

-Өнгөрсөн 15 жилд танай эмнэлэг маш олон үйлчлүүлэгчтэй болсон байх. Энэ хугацаанд хүмүүсийн хандлага хэр байгааг анзаарч байв уу?

-Манайд эмчлүүлж, эдгэрээд явсан хүн маш олон болжээ. Хүмүүс янз бүрээр л ханддаг. Зарим нь ханиадаа эмчлүүлээд явдаг ч өөр ямар нэг зовиуртай болчихвол буцаад хүрээд ирдэг юм. Энэ нь хоёр талтай байх. Нэгдүгээрт, манайх аль нэг чиглэлээр дагнаагүй, бүхий л өвчин зовиурыг хавсарч эмчилдэг. Хоёрдугаарт, бид өвчтөнийг эрүүл саруул болгож байж л явуулахыг урьтал болгодог учраас ханддаг байх гэж боддог доо.
Ер нь уламжлалт анагаах ухаан нь одон зурхайн таван махбодийн онолоор чиглэлээ гаргадаг. Харин зүү эмчилгээ нь хар зурхайн таван махбодийн онолоор явдаг зүйл. Хүн гэдэг бол нэг бүтэн цогц. Тэгэхээр хүний аль нэг эрхтэн өвдлөө гэхэд бусад нь дагаж өвдөж, цочрол авдаг учраас цогцоор нь эмчлэх шаардлагатай. Нэг үгээр уламжлалт анагаах ухааны ёсоор цогц эмчилгээ хийж байж үр дүнд хүрдэг учиртай. Тиймээс бид ч энэ ёсыг чандлан баримталдаг.

-Энд ирж байгаа хүмүүсийн дийлэнх нь зүү эмчилгээг сонгож байна. Та уншигчдад зүү эмчилгээний талаар ярьж өгөөч?

-Социализмын үед манайд Бадарч, Лхамсүрэн гээд цөөн хэдхэн эмч зүү эмчилгээ хийж байсан юм. Тэд Хятадад энэ чиглэлээр курст бэлтгэгдэж, эмчилгээ хийж байсан. Хамгийн гол нь тэр үед манайд бусад социалист орнуудаас эмч нар ирж, Бадарч багшаар зүүн эмчилгээ заалгаж байлаа. Энэ эмчилгээний үүх түүхийг яривал 7000 жилийн тэртэйгээс эхтэй гэж үздэг. Үүнтэй холбоотой археологийн олдвор Өвөрмонголын нутгаас олдсон. Хятад улс зүү эмчилгээг өөрсдийн нутгаас үүдэлтэй гээд хүлээн зөвшөөрүүлчихсэн юм. Гэхдээ энэ эмчилгээ маш эртний уламжлалтай, тэр хэрээр үр дүн ихтэй. Орчин үед дэлхий нийтээр зүү эмчилгээг ихээр сонирхож байна. Яагаад гэвэл, дээр хэлсэнчлэн үр дүн маш хурдан гарна. Эм тарианаас ч хурдан нөлөөлдөг гэдгийг нотолчихсон. Алив зовиурыг тэр дор нь арилгадаг учраас хүмүүс тэр дороо л сэргэлт авна. Дээрээс нь хүний алдагдсан энергийг нөхнө. Ерөөс зүү эмчилгээ нь тэр чигээрээ энергийн онолоор хийгддэг. Өөрөөр хэлбэл, энергийг нөхнө, тэгшилнэ.

-Зүү эмчилгээ гэхээр тухайн эд эрхтэнг металл зүүгээр хатгах байдлаар өвчинд нөлөөлдөг гэж ойлгож болох уу?

-Шууд тэгж ойлгож болохгүй. Мэдрэлийн цэгүүдэд хүрч нөлөөлдөг гэхэд болно. Хүний бодол сэтгэл, үг яриа, үйлдэл хөдөлгөөн нь дандаа мэдрэлийн үйл ажиллагаа. Гэтэл энергийн гүйдэл заримдаа нэг цэгт бөглөрч байхад өөр газарт дутагдаж байдаг. Энэ нь өвчин үүсэх шалтгаан болно. Тэгэхээр зүү эмчилгээгээр энэхүү тэнцвэр нь алдагдсан энергийг тэгшилж, нөхөж өгдөг. Сүүлийн үед мэдрэл шингэний зохицуулга алдагдсанаас болж хүмүүс стресст орох нь олширч байна. Энэ нь хотжилт, нийгмийн байдлаас хамааралтай. Хамгийн гол нь, энэ стресс гээч нь бүх өвчний үүсвэр болдог. Хүн уур уцаартай, нойргүй байснаас болоод бүр эрхтэн доголдоно. Ялангуяа нойргүйгээр ганц хоноход л эрхтэн систем тэр чигээрээ өөрчлөлтөд ордог.
Ер нь мэдрэл хэвийн байх юм бол бусад эрхтэний цусан хангамж, шингэний зохицуулга сайн байна. Дээр нь хүний бие дэх бичил элементийн зохицуулга алдагдсанаас өвчин үүсдэг. Үүнийг л зүүгээр эмчилж байгаа юм.

-Уламжлалт анагаах ухааны ёсоор өвчнийг цогцоор эмчилдэг гэсэн нь үүнтэй холбоотой байх нь ээ?

-Хүний бүх мэдрэл хоорондоо холбоотой байдаг. Жишээ татахад, нурууны өвчнөөс болоод нүүр нь мурийчихсан хүнийг зүү эмчилгээгээр эдгээгээд явуулахад нөгөө хүн маань гараад хүчтэй уурлаж бухимдсанаас болоод буцаад яг хэвэндээ орчихоод ирсэн тохиолдол бий. Тэгэхээр дан ганц эмчилгээ биш тухайн хүнээс өөрөөс нь олон зүйл хамаарна.

-Танай эмнэлгийн талаар ТВ, сониноор барагтай харагддаггүй хэрнээ хүмүүс их ярьдаг. Одоо ч гэсэн олон хүн дугаарлаж байна?

-Ер нь өдөртөө дунджаар 40-50 хүнд эмчилгээ хийдэг. Бид эмнэлэг байгуулснаасаа хойш реклам цацаж үзсэнгүй ээ. Хүмүүс талархлаа илэрхийлж, радио, зурагтаар мэндчилгээ дэвшүүлэх нь бий. Нэг удаа манайд эмчлүүлсэн хүн радиогоор талархлаа илэрхийлсний дараа радиогоос ярилцлага авч байлаа. Тэгэхээр бид өөрсдөө л ажлаа сайн, чанартай, сэтгэлээ хийвэл олон түмэн мэддэг болдог юм байна гэж бодогдсон. Хүмүүс ерөнхийдөө нэгнээсээ сонссон байдлаар л ирдэг юм.

-Та зүү эмчилгээ хийгээд хэр удаж байгаа вэ. Он удаан жил ажилласан эмч нарт гарын шавь байдаг. Та олон шавьтай байх аа?

-Би зүү эмчилгээг эзэмшээд 30 гаруй жил болжээ. Гарын шавь нартай болсон. Одоо манай эмнэлэгт шавь нар маань бий. Буриад, Германаас эмч нар ирж дагалдаж байлаа.

-Зүү эмчилгээг заавал нарийн мэргэшсэн их эмч нар хийх ёстой юу?

-Зөвхөн зүү эмчилгээгээр нарийн мэргэшсэн их эмч нар эмчилгээг хийх ёстой. Энэ ухаан нарийн онолтой, мэдрэмж, ур дүй шаарддаг.

-Уламжлалт эмчилгээний дараа гам барих талаар мэдээлэл өгөөч. Хүмүүс энэ сэдвээр их мэдэмхийрэн ярьж, нэгэндээ зөвлөгөө өгдөг. Гэхдээ яг эмчээс сонсож байсангүй?

-Энэ үгийг бараг хүн болгон л хэлдэг байх. Зүү эмчилгээг огт мэдэхгүй хүн ч ингээд ярьж байдаг. Гам бариагүйгээс эсвэл, зүүн эмчилгээнээс болж дордоод, насан туршийн өвчтэй болсон хүн өнгөрсөн хугацаанд надтай таарсангүй ээ. Хүний эрүүл мэнд гэдэг тэр хүний дотоод бодол, сэтгэлээс шууд хамаардаг. 
Муу санаатай, атаач, хорлохуу хүмүүс өвчнөөс салахгүй. Дээр нь хувцас, хоолоо тохируулахгүй бол ямар ч тэнхээтэй хүн өвдөнө. Тэгэхээр дотоод сэтгэлээ ариун, тайван байлгах хэрэгтэй. Дээрээс нь эмчийн зааврыг л ягштал баримтлахаас биш Фейсбүүкээс ч юм уу, энд тэндээс сонссоноороо өөрийгөө эмчилж, дэглэм барих ёсгүй.

-Уламжлалт эмчилгээ, ардын эмчилгээ хоёр ялгаатай юу. Хүмүүс энэ хоёрыг нэгтгэж ойлгох нь их?

-Асар их зөрүүтэй. Ардын эмчилгээ гэдэг нь дом шившлэг, өвс ургамлаар ханд бэлтгэх зэрэг олон түмний дунд үүссэн аман ярианаас гаралтай арга барил. Харин уламжлалт эмчилгээ бол олон мянган жилийн түүх, туршлагатай, үр дүнгээ өгчихсөн, маш том шинжлэх ухаан юм. Өөрийн гэсэн оношлогоо, оношлогооны арга барилтай. Дээр нь уламжлалт эмчилгээний эмч нар дээд боловсролоор уг мэргэжлийг эзэмшиж, нарийн мэргэшсэн хүмүүс байдаг. Түүнчлэн уламжлалт эмнэлгүүд өөрийн гэсэн лаборатори, орчин үеийн багаж тоног төхөөрөмжтэй, бүгдийг хослуулсан байдгаараа онцлогтой.

-Танай оношлогоо орчин үеийн багажийн оношлогоотой яг таарч байна гэж хүмүүс шагшаад байх юм. Судас барих аргад тийм өндөр чадамж бий юу?

-Уламжлалт эмчилгээний оношлогоогоор өвчнийг эрт мэдэж болдог. Гэтэл орчин үеийн, европ анагаах ухааны оношлогоо, шинжилгээний аппаратууд тухайн өвчтөний бие, эрхтэнд өвчний шинж тэмдэг илэрч, хүндэрсний дараа л бүрэн зааж чаддаг. Хамгийн гол нь, манайхан өвчнөө хүндэрсний дараа эмнэлэгт ханддаг. 
Тэгэхээр уламжлалт байдлаар гаргасан онош нарийн аппаратныхтай адилхан л гарна. Бид хүмүүст шаардлагагүй олон шинжилгээ бичдэггүй. Учир нь, орчин үед хүний цаг, мөнгийг хэмнэх гэдэг нь маш том үүрэг. Тэгээд ч яг ямар шинжилгээ өгөх вэ гэдэг нь судас барьсны дараа тодорхой болдог.

-Эмнэлэгт хэвтэх гэхээр цаг завгүй гэх шалтаг гараад ирдэг. Тэгвэл гэрээр эмчилгээгээ хийлгээд үр дүн нь хэр байдаг бол?

-Хэвтэж эмчлүүлэх нь хамаагүй үр дүнтэй. Зүү тавиулаад унтана, дахиад тосон бариа хийлгээд мөн нойр авна. Ер нь эрүүл хүн нойр сайтай байдаг. Тэгэхээр зүү эмчилгээ маш хурдан үр дүнгээ өгч, хүн шууд унтдаг. Гэтэл гэрээр эмчлүүлж байх үед унтаж амрах нь бага.

-Хаван, хөөлтийг зүү эмчилгээгээр эдгээж болох уу?

-Зүрх, судасны өвчин бүр хүнд шатандаа ороод, түүнээс үүдсэн хаван хурдан буухгүй байж болно. Гэхдээ тодорхой хугацаанд үр дүнд хүрнэ. Хаван олон янзын шалтгаантай, бөөр, зүр судас гээд хэд хэдэн үүсвэртэй. Тэр бүгд зүү эмчилгээгээр бууна. Би заримдаа өөрөө ч гайхдаг. Өчнөөн жил зүү тавьж байж би зүүний гайхамшгийг гайхсаар л байдаг.

-Зүү эмчилгээнд хэрэглэж буй зүүнээс халдвар авсан гэх яриа сонсогддог. Хэдийгээр баримтгүй яриа хэдий ч хүмүүс эмнэлгийн ариун цэврийн тал дээр их анхаардаг. Танай хувьд ариун цэвэр, стандартыг хэр сайн хангаж байна вэ?

-Нэг өвчтөнд нэг л зүү хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл, нэг удаагийн зүүг шинээр задлаад л хэрэглэдэг.

-Үргүйдлийг эмчлэх үү. Энэ сэдэв маш том асуудал болсон. Үүнийг дагаад эмэгтэйчүүдийн үргүйдлийн маш олон эмнэлэг байгуулагдаж байна. Энэ бүхэн зарим талаар хүмүүст боломж өгч байгаа ч эсрэгээрээ хүний цаг, мөнгийг хий дэмий үрэх явдал ч гарч байгаа. Зарим эмнэлэг нь хүнээс их хэмжээний мөнгө авчихаад ямар үр дүн гаргаагүй хэрнээ тухайн өвчтөнийг хэзээ ч хүүхэдтэй болж чадахгүй гээд оношлочихдог. Оношилдог талтай шүү дээ?

-Манайд ийм хүн маш олноор ханддаг. Хамгийн гол нь олон янзын шалтгаанаас үүдэлтэй үргүйдэл, жирэмслэлтийн хүндрэлийн тохиолдол олширсон. Нэг жишээ дурдахад, зүү эмчилгээ хийлгээд 40 насандаа анх жирэмсэн болсон польш хүн байдаг. Ер нь европчууд, тэр дундаа өндөр хөгжилтэй орнуудад уламжлалт эмчилгээг маш сайн ойлгож, сонгох болсон. Яагаад гэвэл, тэд антибиотик болон бусад олон эм, тариаг бус байгальд илүү ойр, хүнд шууд үр дүнгээ өгөх эмчилгээг эрж хайж байна. Тэр нь уламжлалт эмчилгээ. Хүнд эрүүл байх нөөц бололцоо маш их бий. Уламжлалт эмчилгээ нь эм таригаар бус тэр нөөц бололцоог нь илүү ихээр гаргаж, тэгшилж, дэмжих замаар үр дүнгээ өгдөг. Дээр нь ямар ч өвчин ходоод дотортой холбоотой учраас ямар ч өвчний үед ходоодыг цуг эмчилдэг.

-Зүү эмчилгээгээр үргүйдлийг эмчлэх зарчим нь юу юм бол. Европын анагаах ухаан ч шийдэж чадаагүй асуудлыг зүүгээр эмчилж байна гэхээр сонирхолтой санагдаж байна?

-Зүү эмчилгээгээр өндгөвч, биеийн ерөнхий байдлыг сайжруулж, дархлааг тэтгэнэ. Дээрээс нь бөөр гэгч үржлийн гол эрхтэнүүдийн нэг байна. Уламжлалт эмчилгээний онолоор бөөр, сав, өндгөвч салшгүй холбоотой. Тэгэхээр эдгээрийг цогцоор нь эмчилж байж үр дүнд хүрнэ гэсэн үг. Манайд ирж эмчлүүлсэн олон хүн жирэмсэн болсон. Хүн бүрт эмчилгээний үр дүн харилцан адилгүй хугацаанд илэрнэ. Учир нь хүний физиологи дахин давтагдашгүй. Мөн хүн өөрөө итгэл үнэмшилтэй хандах нь эмчилгээнд чухал нөлөөтэй. Үргүйдэл мэдээж олон шалтгаантай. Олон янзын бэлгийн замын өвчин, үр хөндөлт. Үр хөндөлт бол маш том шалтгаан. Үр суулгах эмчилгээний Баярмаа эмчийг хүмүүс сайн мэдэх байх. Баярмаа эмч өндгөвчйг зүү эмчилгээгээр тэтгэж байгааг маш их үнэлсэн.

-Тэгэхээр зөвхөн зүү эмчилгээгээр ийм үр дүнд хүргэж байна уу. Эсвэл өөр хавсаргах эмчилгээ байна уу?

-Мэдээж олон эмчилгээ бий. Эм тан, бариа засал, шаардлагатай бол нөхөн сэргээх физик эмчилгээ ч хийнэ. Мөн тухайн хүнд тохирсон иогын дасгал хийлгэдэг. Тэгээд дээр удаа дараа хэлсэнчлэн сэтгэл засал, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлдэг. Ер нь энэ нь манай эмнэлгийн давуу тал гэж хэлж болно. Итгүүлж, үнэмшүүлэх явдал эмчилгээнд гойд нөлөө үзүүлдэг.
Эмчилгээний хувьд хүн хүний биеийн байдлаас шалтгаалж харилцан адилгүй хугацаанд үр дүнгээ өгнө. Зарим нь зүү тавих эмчилгээг хийж байх хугацаанд бие давхар болох нь бий. Хүний эрүүл мэнд, биеийн онцлог, эсвэл сэтгэл санаа, дархлаа, умайн үрэвсэл гээд маш олон шалтгаанаас болж ураг амигүй болох тохиолдол гардаг. Гэтэл энэ тохиолдолд 10 удаа зүү тавиулахад л ийм эрсдэл үгүй болдог.

-Та гадаад улс орнуудад уламжлалт эмчилгээ хийх, дагалдуулах байдлаар ажилладаг. Энэ талаараа сонирхуулаач. Европчуудын биеийн онцлог биднийхээс хэр ялгаатай байх юм?

-Би 1991-2000 онд Польшид ирэн, очин эмчилгээ хийсэн. Европ хүний биеийн байдал биднийхтэй адил ч онцлог талууд бий. Энэ нь цаг агаарын байдал, хооллолт, амьдралын нөхцөл гээд олон зүйлээс шалтгаалдаг. Хамгийн гол нь, польшуудад эмчилгээ маш хурдтай үр дүнгээ өгдөг. Учир нь тэд аливаа эмчилгээг итгэл үнэмшилтэйгээр хийлгэдэг. Мөн өвчнөө хүндрүүлдэггүй, цаг тухай бүрт нь эмчид ханддаг. Гэтэл манайхан тартагтаа тултал явж байж сая эмнэлэгт ирдэг. Тэгээд хурдтай эмчилгээг шаардана. Ер нь өвчнийг цаг алдалгүй эмчилбэл үр дүн нь хурдан гардаг болохоос өчнөөн жил хугацаа алдаж, хүндрүүлсэн өвчин тэгж хялбар эмчилгээ авахгүй.

-Зүү эмчилгээний нэг курс хугацаа нь хэр урт вэ?

-Хамгийн багадаа 10 хоног. Хятад, Солонгос зэрэг оронд бүтэн сар, гурван сараар зүү тавьдаг. Тийм байхад манайхан 10 хоног зүү тавиулаад л алга болчихдог. Бүтэн сарын турш эмчилгээгээ хийлгэж байгаа хүн тун цөөн.